Ойд мод бэлтгэх журмыг зөрчин зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд ял оногдуулав
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.04.15. 2025/ШЦТ/31
Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг “Түргэний нүхэн” хэмээх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн, хуурай 3.0098 метр куб модыг бэлтгэж, 11-87 ЗАВ улсын дугаартай, ногоон өнгийн Зил-131 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн, ойн санд 594,640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Д.Б, Г.Ц, Г.Б нар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллагдагч Д.Батболдыг 1 жил, 6 сарын хугацаагаар, Г.Цэвээндорж, Г.Баасандорж нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагч тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх саналыг гаргасан байна.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, зөвшөөрлийн дагуу ашиглаж болно.” гэж заасан бөгөөд Ойн тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэгцээний мод бэлтгэж зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн байх тул хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нар нь Ойн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарын Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасныг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин зөвшөөрлийн баримт бичигт заасан зориулалтыг зөрчиж ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б, Г.Ц, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Цэвээндорж, Г.Баасандорж нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангид хүлээлгэн өгөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.