МАЛ ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН ҮЙЛДЭЛД  ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ

 

Шийтгэх тогтоолын огноо: 2025.03.28

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ААА аймгийн БББ сумын ВВВ багийн нутагт өөрийн хариулж байсан хонин сүргээс П.М-ийн өмчлөлийн 120,000 төгрөгийн үнэлгээ бүхий “эвэртэй хар халзан зүсмийн урд өрөөсөн хөл нь хар төлгийг” өөрийн эзэмшлийн хонь биш гэдгийг мэдсээр байж эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар, өрөндөө өгөх зорилгоор буюу шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч иргэн Р.Б-д өгөхөөр хөлийг нь хүлж 00-00 ССС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачуулсан үйлдлийг санаатай хийсэн боловч Д.М-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хохирогч П.М ирж, түүний үйлдлийг таслан зогсоосноор үйл баримт төгссөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн талаар болон уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна.” гэж заасан.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдаг.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Д.М-ийн хувьд өөрийн хоньтойгоо андуураад П.М-ийн хонийг ачуулсан байна гэж тайлбарласан ч шүүх түүний тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэж үзэв.

Иймээс Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан тул Д.М-ийг хохирогч П.М-ийн 1 тооны хонийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан байна гэж шүүх дүгнээд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.