АШИГ ХОНЖОО ОЛОХ ЗОРИЛГООР ХҮҮХЭД ҮРЧЛҮҮЛЭХ, ҮРЧИЛСЭН ҮРЧЛЭЛТИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ҮНДЭСЛЭЛГҮЙ

Шийдвэрийн огноо: 2025/07/29

Шийдвэрийн дугаар: 141/ШШ2025/00189

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Үрчлүүлэгч /нэхэмжлэгч/ М.О нь “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Үрчлүүлэгч /нэхэмжлэгч/ М.О нь тайлбартаа: “..Би одоо нөхөр, 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Нөхөр Д-той гэр бүл болохоос өмнө нэг охин төрүүлсэн бөгөөд охиноо нөхөртэйгөө суух үедээ ээж Ч.М-д үрчлүүлсэн. Одоо алдарт эхийн 2 дугаар одон авах шаардлагатай байгаа учраас охин М.Л-ыг ээжээс буцааж авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж, 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж тус тус хуульчилсан.

            Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох  үндэслэлд эцэг ,эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл хамаарахаар байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болохоор заасан боловч хүсэлт гаргагч буюу үрчлүүлэгч М.О нь алдарт эхийн 2 дугаар зэргийн одон авах боломж бүрдсэн тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэйгээ тайлбарлаж байгаа үндэслэлээр хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох боломжгүй болно.   

Түүнчлэн охин М.Л нь 2003 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 22 настай байх бөгөөд “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох” хуулийн зохицуулалт нь зөвхөн 0-18 хүртэлх насны хүүхдийн хувьд үйлчлэх ба насанд хүрсэн этгээдэд хамааралгүй юм.

Иймд үрчлүүлэгч /нэхэмжлэгч/ М.О-ээс ирүүлсэн “2003 оны 06 дугаар сарын 04-ний төрсөн охин Л-ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: