ЭД ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ ТАЛААР ХУДАЛ ҮГЭНД ИТГЭЖ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАНГАВ
Шийдвэрийн огноо: 2025/07/23
Шийдвэрийн дугаар: 141/ШШ2025/00170
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Ш.Д-аас хариуцагч С.О-д холбогдуулан “55,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь тайлбартаа: “С.О надад Засгийн газрын авто баазаас Land cruiser машин гаргах боломж байна. Машин авах уу гэж санал тавьсны дагуу хүлээн зөвшөөрч мөнгө шилжүүлсэн. ...Land cruiser маркийн автомашиныг нь огт хараагүй аман байдлаар яриад итгээд мөнгөө шилжүүлсэн. 10 жилийн ангийн найз нь Засгийн газарт ажилладаг. Тэр хүн нь Авто баазаас машин акталж дуудлага худалдаагаар гаргах ажлын хэсгийг ахалж байгаа гэсэн юм гэж ярихаар нь мөнгөө өгсөн...” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт хийгээд нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч С.О нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй байна гэж дүгнэсэн болно.
Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж хуульчилсан.
Тодруулбал нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч С.О-ээс автомашин худалдаж авах зорилгоор 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тэрээр хариуцагч С.О-д худалдан авахыг хүссэн автомашин нь байхгүйг мэдэж байсан, хариуцагч С.О нь өөрт байхгүй автомашиныг худалдана гэж мөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал байна.
Өөрөөр хэлбэл 55,000,000 төгрөг өөрийн эзэмшигч этгээд болох Ш.Д-ын мэдлээс гарч С.О-ийн эзэмшилд хууль ба гэрээний үндэслэлгүйгээр шилжин очсон нөхцөл байдал байх ба хэн алинд нь үүрэг үүсээгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, мөн зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж хуульчилсан.
иймээс хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд хариуцагч С.О-ээс 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.