ЖАРААС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮНД НИЙТЭД ТУСТАЙ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙ

Шийтгэх тогтоолын огноо: 2025/06/20

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/54

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Г.П нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт “Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.М-ийн эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар...” дурдсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчилсан тул шүүхээс шүүгдэгч Г.П-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Г.П-д улсын яллагч, шүүгдэгч нарын санал болгосны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял, торгох үндсэн ял оногдуулж, тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг, тэтгэврээс өөр орлогогүй нөхцөлийг нь харгалзан  торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.