Прокуророос ирүүлсэн ялын саналыг хүлээн торгох шийтгэл хүлээлгэв
Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: 2025.02.27. 2025/ШЦТ/19
Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.М нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” бааранд хохирогч Б.Д. заамдаж, улмаар тонгорч унагаж түүний биед баруун хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх, баруун хацрын төвгөр, хүзүүний баруун урд, нурууны баруун ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун мөрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос М.М-ын гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байдаг.
Иймд шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.